Улс төр

БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойд зориулан нийслэл Пхеньян хотноо цэргийн сүрт жагсаал зохион байгуулжээ. Энэ жилийн цэргийн сүрт жагсаалын үеэр Умардын удирдагчид баллистик пуужин, цэргийн сүр хүчээ илтгэх зэр зэвсэг үзүүлээгүй ч улбар шар өнгийн хамгаалалтын хувцас хэрэглэл, хийн баг зүүсэн хүчин парадад оролцжээ.

Пхеньян хотноо болсон жагсаалд  хагас цэрэгжсэн болон нийгмийг аюулаас хамгаалах хүчнийхэн оролцжээ. БНАСАУ байгуулагдсан ойн баярын үеэр Пхеньян хотын төв талбай болох Ким Ир Сений нэрэмжит талбайд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болжээ. Парад, арга хэмжээнд Умардын удирдагч Ким Жон Ун болон төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон байна. Ким Жон Ун парадад оролцох үеэрээ индэрээс ямарваа мэдэгдэл хийгээгүй, харин хүүхдүүдээр хүрээлүүлэн зогсч байгаа, бага зэрэг жин хассан зураг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.