АНУ-ОХУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ЖЕНЕВ ХОТНОО УУЛЗАНА

Улс төр

Өнөөдөр Швейцарын нийслэл Женев хотноо олон улсын анхаарал татсан нэгэн чухал уулзалт болж байна. Женевийн нуурын эрэг дээрх Ла-Гранж эдлэнгийн дэргэдэх 18-р зууны үеийн цамхагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын тэргүүн Жо Байден нарын нүүр тулсан дээд хэмжээний уулзалт болж байгаа юм.

Олон улсын ажиглагчид, дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Женев хотноо болж байгаа ОХУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг анхааралтай ажиглаж байна. Учир нь Орос-Америкийн төрийн тэргүүн нарын нүүр тулсан уулзалт хоёр их гүрний харилцааны хамгийн эгзэгтэй, хүнд цаг үед болж байгаагаараа онцлог байгаа юм. 

Өнөөдөр ОХУ болон АНУ гэсэн хоёр их гүрний харилцаа хэзээ хэзээнээсээ илүү хүнд цаг үеээ туулж байна. Ажиглагчид үүнийг хүйтэн дайны он жилүүдээс хойшхи Орос-Америкийн харилцааны хамгийн хүнд хэцүү цаг үе гэж тодорхойлж байгаа юм. Тиймдээ ч энэ удаагийн Женевийн дээд хэмжээний уулзалтыг дэлхий нийтээрээ чих тавин ажиглаж байна.