“Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслол онлайн хэлбэрээр боллоо

Энтертэйнмент

АНУ-д 79 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадам болжээ. Дэлхийн нэр хүнд бүхий кино наадмын шагналтнуудыг тодруулан нэрлэсэн байна. 

Энэ жил “Алтан бөмбөрцөг” кино наадмыг цар тахлын дэгдэлтийн улмаас үзэгчгүйгээр, элдэв ёслол, телевизийн шууд дамжуулалт хийлгүйгээр интернэт-блогоор дамжуулан мэдээллийг нь түгээжээ. 

Кино болон телевизийн урлагийн салбарын нэр хүндтэй кино наадмыг энэ жил цар тахлын улмаас даруухан зохион байгуулжээ. Америкийн кино болон телевизийн нэр хүндтэй наадмыг Холливудын гадаад сэтгүүлчдийн холбооноос шалгаруулан нэрлэдэг юм. Энэ жилийн наадам цар тахлын улмаас улаан хивсний ёслолгүй өнжиж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг цахим хэлбэрээр явуулжээ.

Кино болон телевизийн салбарыг хамарсан 20 гаруй төрөл номинацид шилдгүүдийг тодруулан шагнал гардуулсан байна.

“Алтан бөмбөрцөг”наадмын шилдэг бүтээлээр Шинэ Зеландын найруулагч Жейн Кэмпионы бүтээл “Нохойн эрх мэдэл” вестерн кино шалгарчээ. Энэ киноны найруулагч түүнчлэн шилдэг найруулагчин шагнал хүртсэн байна.

Түүнчлэн найруулагч Стивен Спилбергийн бүтээл “Вестсайдын түүх” кино шилдэг инээдмийн болоод мюзикл бүтээл хүртэн, шилдэг жүжиглэлтийн төлөөх хоёр шагнал авсан байна. “Алтан бөмбөрцөг” кино наадам нь Оскарын дараа орох нэр хүндтэй наадамд тооцогддог юм.

Драм киноны шилдэг эрэгтэй дүрийн шагналыг жүжигчин Уилл Смит ("King Richard")кинонд бүтээсэн дүрээрээ, драмын төрлийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Николь Кидман  “Рикардо” киноны дүрээрээ авчээ. Шилдэг хүүхэлдэйн киногоор "Энканто", гадаад хэл дээрх шилдэг киногоор Японы найруулагч Рюсүкэ Хамагүчигийн бүтээсэн “Миний машины жолооны ард суу” кино шалгарсан байна. Шилдэг эмэгтэй, эрэгтэй жүжигчний шагналыг Кейт Уинслет болон Майкл Китон нар хүртжээ. Шилдэг кино зохиолын шагналыг “Белфаст” киног бичсэн Кеннет Брана хүртэж, шилдэг хөгжмийн зохиолчоор Ханс Зиммер шалгарсан байна. Түүнчлэн киноны шилдэг дуугаар агент 007-ийн ээлжит цуврал болох “Үхэх цаг болоогүй” киноны Билли Айлишийн дуу шалгарчээ.