Лионель Месси нүдэндээ нулимстайгаар “Барселон” багаа орхилоо

Энтертэйнмент

Испанийн хөлбөмбөгийн Барселон багийн довтлогч, “Алтан бөмбөг” шагналын 6 удаагийн эзэн Лионель Месси нүдэндээ нулимстайгаар багтайгаа салах ёс хийлээ. Тэрээр ням гарагт Барселон багийн удирдлага, хөгжөөн дэмжигчидтэйгээ салах ёс хийн, хэвлэлийн бага хурал хийжээ. 

Лионель Месси 13 настайдаа Испанид ирж хөлбөмбөгийн академид суралцан, улмаар мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчны хувиар “Барселон” багийн төлөө өнөөдрийг хүртэл тоглосон юм. 34 настай Аргентины хөлбөмбөгчний Барселон багтай байгуулсан гэрээний хугацаа 6-р сарын 30-наар дуусгавар болж, тэрээр шинээр гэрээгээ сунгах боломжгүй болсноос ийнхүү багаа орхин явахаас аргагүйд хүрсэн юм. Каталонийн “Камп Ноу” дахь багийнхаа цэнгэлдэх хүрээлэнд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Месси: -Би, миний гэр бүл, бид бүгд гэрээгээ сунган, багтаа үлдэхийг чин сэтгэлээсээ хүсч байсан. Гэвч харамсалтай нь миний мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхлүүлж, эцсээ хүртэл зүтгэнэ гэж бодож байсан багаасаа явахаар боллоо. Би энд ирэхдээ 13-хан настай байсан, энд миний бүхий л амьдрал, ололт уналт, амжилт бүгд байсан... гэжээ. Барселон баг санхүүгийн фэйр-плейн нөхцлөөс шалтгаалан багийнхаа шилдэг тоглогчтой гэрээгээ сунгах боломжгүй болсон юм.

Месси Барселон багт өсвөр насандаа 13-тайдаа ирж, багийнхаа дэргэдэх “Ла Масия” академид суралцан, мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа 2004 онд 17 настайдаа Барселон багаас эхлүүлжээ. Тэрээр Барселон багт 17 улирал тоглохдоо нийтдээ 672 гол оруулсан юм.

Месси Барселон багаасаа явж, Францын Пари-Сен-Жермен багт үргэлжлүүлэн тоглохоор 2 жилийн гэрээ байгуулжээ. Лионель Месси оны шилдэг хөлбөмбөгчний “алтан бөмбөг” цолыг 6 удаа хүртэж, 9 удаа Испанийн аваргуудын шилдэг тамирчнаар шалгарч, 6 удаа “алтан шаахай“ авч байжээ.