Bulent Kilic/AFP

Үйл явдал

8-р сарын 31-нээр тасалбар болгон АНУ тэргүүтэй Холбоотны хүчин Афганистанаас цэрэг дайчдаа гаргасны дараа Кабулын олон улсын нисэх буудал талибанчуудын мэдэлд шилжиж, үйл ажиллагаа нь зогсоод байсан юм. 

Өнгөрсөн хагас сар орчмын хугацаанд Кабулын нисэх буудалд зөвхөн хүмүүнлэгийн зорилгоор л цөөн нислэг хүлээн авсан байна. Тэгвэл Америкийн цэргийн хүчнийг гаргасны дараа Кабулын олон улсын нисэх буудалд анхны иргэний нислэг газарджээ.

Пакистаны нийслэл Исламабад хотоос Пакистаны иргэний агаарын тээврийн онгоц Афганистаны нийслэлд газардсан байна. Энэ нислэгээр ердөө арав гаруй зорчигч Кабулд иржээ.

Кабулын олон улсын нисэх буудал талибаны бүлэглэл Афганистаны нийслэл хотыг хяналтандаа оруулах үеэр ихээхэн сүйдэж, нислэгийн зурвас талбай, нисэх буудлын терминал сүйдсэн юм.

Тэгвэл Катарын нисэхийн салбарын мэргэжилтнүүд Кабулын нисэх буудлыг сэргээж, техникийн үнэлэлт дүгнэлт хийхээр ажиллаж эхлээд байгаа юм.