БНХАУ-ын эдийн засаг цар тахлын жилд өсөлттэй гарчээ

Ковид-19 /дэлхий/

Дэлхийн улс орнуудад COVID-19 коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор эдийн засгийн байр байдал хүндэрч, эдийн засгийн сөрөг нөлөөлөл давамгайлж байгаа цаг үед Хятадын эдийн засаг эсрэгээр өсөлттэй байна. 

БНХАУ-ын ДНБ-ий хэмжээ өнгөрсөн 2021 онд 8,1%-иар өссөн талаар энэ улсын Үндэсний Статистикийн албанаас мэдээлжээ. 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятадын ДНБ-ий хэмжээ өнгөрсөн онд ийнхүү өссөн нь 2011 оноос хойшхи хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт болжээ. ОУВС болон Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийг ойролцоогоор 8%-иар өснө гэж таамаглаж байжээ. Тэгвэл энэхүү таамгийг давж, Хятадын ДНБ-ий хэмжээ 110 их наяд юань буюу 17,3 их наяд ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн өнгөрсөн 2021 оны 4-р улиралд Хятадын эдийн засаг өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулахад 4%-ийн өсөлттэй гарчээ. Дэлхийн улс орнууд сүүлийн 2 жилийн туршид цар тахлын халдварын улмаас эдийн засаг нь буурч, ажилгүйдэл нэмэгдэн, ДНБ-ий хэмжээ нь буурсаар байхад Хятад улсын ДНБ-ий хэмжээ 2020 онд 2,3%-ийн өсөлттэй байсан нь эдийн засаг нь өсөлттэй гарсан цорын ганц томоохон эдийн засагтай улс орон болж байжээ. 2021 онд Хятадын гадаад худалдааны хэмжээ 6 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Тэгвэл 2022 онд Хятадын эдийн засгийн сэргэлт үргэлжлэн, ДНБ-ний хэмжээ нь 5,5%-иас дээш өсөлттэй байна гэж тооцоолж байна.