Африк тивийн нийт хүн амын ердөө 3% нь вакцинд хамрагджээ

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ, Африк тивийн 54 улс орноос 42-т нь цар тахлын эсрэг вакцинжуулалт хангалтгүй хийгдэж байгааг мэдээлжээ. Эдгээр орнуудад өнөөдөр хүн амаа цар тахлын эсрэг дархлаажуулах үйл явц 10%-д хүрээгүй байгаа гэнэ. 

9-р сарын байдлаар Африкийн тивийн 42 улс оронд цар тахлын эсрэг вакцинжуулалт 10%-д ч хүрээгүй байна. Энэ талаар Нью Йорк хотноо НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.

Дюжаррик мэдэгдэлдээ Африк тивийн улс орнуудад COVAX хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 8-р сард COVID-19 коронавирусний эсрэг 21 сая тун вакцин нийлүүлсэн ч энэ нь хангалтгүй байгааг тэмдэглэсэн байна.

Тиймээс дэлхийн улс орнуудад хандан уриалга гарган, Африк тивд цар тахлын вакцин нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжин туслахыг хүсчээ. ДЭМБ-ын мэдээллээр өнөөдөр Африк тивийн 39 сая иргэн цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагджээ. Энэ нь Африк тивийн нийт хүн амын ердөө 3% юм.