Спорт

Японы нийслэл Токио хотод зохион байгуулсан Зуны 16 дахь удаагийн Паралимпийн наадам өндөрлөж, хаалтын арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо. Энэ удаагийн Паралимпийн наадамд 162 улс орон, нутаг дэвсгэрээс нийт 4,400-аад тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьсон нь Паралимпийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсныг тэмдэглэж байна.

Токио хотноо өчигдөр Паралимпийн наадмын хаалтын ёслол болж, дуу бүжиг, баярын салюттайгаар сүр дуулиантай болж өндөрлөлөө. Хаалтын ёслолын үеэр улс орнуудын баг тамирчид үндэснийхээ туг далбааг барин жагсч, улс орондоо өрнөсөн дайн тулаан хямрал хүчирхийллийн улмаас наадамд оролцож чадахгүйд хүрээд байсан Афганистаны тамирчид ч мөн хүндэтгэлийн жагсаалд оролцжээ.

Паралимпийн наадмын хаалтын ёслолын үеэр энэ удаагийн наадмыг зохион байгуулсан Токио хотын амбан захирагч Паралимпийн туг далбааг ОУ Паралимпийн холбооны тэргүүнд өгч, дараагийн наадам болох Францын Парис хотын захирагчид ёслол хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна.

Ирэх 2024 онд Франц улс хүн төрөлхтөний спортын их наадмыг эх орондоо хүлээн авч зохион байгуулах юм.

2020 оны Паралимпийн наадамд багийн дүнгээр Хятад улс 96 алт, 60 мөнгө, 51 хүрэл медальтай тэргүүлж, араас нь Их Британийн баг 41 алт, 38 мөнгө, 45 хүрэл медальтай 2-р байранд орж, эхний 3 байрыг АНУ 37 алт, 36 мөнгө, 31 хүрэл медальтай тэргүүлсэн байна.

Токио хотын Үндэсний Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Паралимпийн наадмын хаалтын ёслол Олимпийн наадмын нэгэн адил цар тахлын халдварын улмаас үзэгчгүйгээр болжээ. Ёслолд Японы үе залгамжилсан хунтайж Фумихито, Токио хотын амбан захирагч Юрико Койке зэрэг албаны хүмүүс оролцсон байна.

Хаалтын ёслол Паралимпийн галт бамбарыг бөхөөснөөр дуусч, Токио хотын төвд байрлах хотын захиргааны цамхагийн оройд “аригато” буюу баярлалаа гэсэн үгийг бичин гэрэлтүүлснээр өндөрлөжээ.

2020 оны Токиогийн Паралимпийн наадам 8-р сарын 24-нөөс 9-р сарын 5-ны хооронд 13 хоног үргэлжилсэн юм.