Бялууны эрэлт ихэсч 30 минутын дотор дуусч байна   

Нийгэм

Шинэ жилийн баярыг амтат бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Шинэ он хаяанд ирсэн энэ үед бялууны эрэлт дээд цэгтээ хүрсэн ч нийлүүлэлт хангалтгүй байгааг иргэд ярих боллоо. Учир нь удаан хугацаанд хаагдсан хил гаалийн асуудлаас үүдэн бялууны гол түүхий эд болсон зарим бүтээгдэхүүн тасалдсан байна. Тиймээс хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр бялуу үйлдвэрлэх боломжгүй болсноо борлуулагчид хэлж байна.  

Хил гааль хаагдаж олон бараа бүтээгдэхүүний хомсдол, түүхий эдийн тасалдал үүссэн. Үүний нэгэн тод жишээ шинэ оны баяр ойртсон энэ мөч ил болж байна. Энэ бол бялууны түүхий эд юм. Иргэд баярын ширээгээ чимэх тортоо авахаар зорьж эрэлт ихэссэн ч түүхий эдийн тасалдлаас болж бялууны үйлдвэрлэл, нийлүүлэлт багасч зах зээл дээр хомсдол үүсэхэд хүрчээ.  

Монголд үйлдвэрлэдэг гэх бараа бүтээгдэхүүн хил хаахад түүхий эдийн хомсдолд орж үйлдвэрлэл таслалдахад хүрч байна. Үүнд олон бүтээгдэхүүнийг нэрлэж болохоор байгаа юм. Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд иргэд баярын ширээнийхээ зоогийг эрчимтэй бэлдэж эхэллээ. Гэвч шинэ жилийн баярын ширээний хамгийн гол чимэг болох бялуу дууссан, захиалга авахгүй, түүхий эд материалгүйн улмаас бялууны  үйлдвэрлэл багассан гэх зэрэг тайлбарыг борлуулагчид хэлж байна.   

Хэдийгээр манай улс үйлдвэрлэгч орон биш ч байгаа нөөц боломжиндоо тааруулан ажиллахаар зүтгэж байгаагаа үйлдвэрлэгч компаниуд онцолж байна. Бялууны хамгийн гол орц найрлага болох сүүн крем тасалдсан энэ үед масло ашиглах зэргээр үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж шинэ нэр төрлийн торт гарган ажиллаж буйгаа тодотголоо.  

Түүхий эд материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бяууны үнэ ч мөн нэмэгджээ. Хамгийн доод талын буюу 7 инчийн бялуу 20 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол 8,10 инчийн бялуунууд 30-55 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Бялуу үйлдвэрлэгч байгууллагуудын дийлэнх нь шинэ жилийн нэмэлт захиалгаа цөөн тоогоор авчээ.