Д.Сумъяабазар: Хогоо булдаг технологиос татгалзаж шатаадаг болох хэрэгтэй

Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хог хаягдлын гурван төвлөрсөн цэг бий.

  Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд хог боловсруулах нийт 36 үйлдвэр байгаагаас дөрөв нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад үйл ажиллагаа нь саатсан. Хог боловсруулах үйлдвэрүүд хаягдал мод, үртэс, хөнгөн цагаан, автомашины дугуй зэргийг дахин ашиглах хэмжээний жижиг үйлдвэрлэл явуулж байгаа. Түүнчлэн малын гаралтай хог хаягдал, хайлш, хөдөлгүүрийн тос, картон цаас боловсруулдаг үйлдвэрүүд ч бий.

Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдал дарж булах зардал 2006 оноос өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй, тонн тутамд 85 цент буюу 2080  төгрөг байгаа. Хэрэв хог шатаах үйлдвэртэй болчихвол хог булах хуучин технологийг халаад зогсохгүй хог хаягдлын салбарт шинэ харилцаа үүснэ. Гадаадын улс орнуудад хогийг шатааж устгах үйлдвэртээ асар их хэмжээний төлбөр төлдөг. Тухайлбал, Япон 55 ам.доллар, БНСУ 45 ам.доллар, БНХАУ 35 ам.доллар, ХБНГУ, Австрид 200 еврог төсөвлөж, хог шатаах устгах үйлдвэрүүдийг дэмждэг байна. Тэгэхээр бид цаашид Улаанбаатар хотын хог хаягдлын салбарт зарцуулах хөрөнгө мөнгийг нэмж, шинэ технологийг нэвтрүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Манай улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг булж байгаа. Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой. Эс тэгвээс хойшид булах газаргүй болж байна. Тиймээс бид дээрх газруудад ногоон технологи ашиглаж, ландфиллийн аргаар булах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа.

Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган өрхөөс гарч буй үнсийг дахин ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх туршилт амжилттай болсон. Үнсийг ашиглан барилгын материал, хөнгөн хийц  үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхэд анхаарч, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө санхүү гаргахаас арга байхгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодорхой саналыг боловсруулснаа удахгүй хуралдах НИТХ-ын чуулганд оруулна" гэлээ.