Тэтгэврийг ойрын хугацаанд нэмэхийн тулд санхүүжилтийн эх үүсвэрийг судлах ажлын хэсэг УИХ-аас байгууллаа 

Парламент

Инфляци хоёр оронтой тоо давж огцом өсөлттэй байгаа энэ үед иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байгааг УИХ-ын зарим гишүүд хэлж байна. Гэвч энэ оны улсын нэгдсэн төсөвт цалин тэтгэвэр нэмэх зардлыг тусгаагүйн дээр хүүхдийн мөнгөнөөс эхлээд зарим төрлийн халамжийг багасгаж байж нэмэх боломжтой гэдгийг Сангийн сайд хэлсэн. Тэгвэл УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх эх үүсвэрийг ямар байдлаар гаргаж болохыг судалж эхэлсэн байна.

Цар тахлын нөлөөгөөр дэлхий нийтээр инфляцийн түвшин өсч манай улсад гэхэд 14.5 хувьтай болсон. Гэвч иргэдийн цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа нь цар тахлын хажуугаар иргэдийг туйлдуулж байна хэмээн цахим сүлжээнд бичиж байгаа. Тэр тундаа нийт тэтгэвэр авагч ахмадуудын дийлэнх нь доод хэмжээгээр авч байгаа нь амжиргаанд нь хүрдэггүйг хэлдэг. Энэ онд цалин тэтгэвэр нэмэх асуудлыг улсын төсөвт тусгаагүйн дээр нэмэх мөнгө байхгүй тул зарим төрлийн халамжийг багасгаж байж энэ асуудлыг ярина гэж Сангийн сайд хэлсэн. Тэгвэл УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг гаргаж тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг тодорхой болгохоор ажиллаж эхэлсэн байна.

УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж 14 хуулийн төсөл, 1 тогтоолын төслийг батлуулжээ. Байнгын хорооноос батлуулсан хуулийн төслүүд нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэл, иргэдийн орлогыг хамгаалах гээд нийгмийн амьдралд чухал нөлөөтэй төслүүд байсныг онцолж байна. 

УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо цар тахлын энэ цаг үед эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч ажилласан талаар гишүүд хэлж байна. ӨЭМТ-үүдийн нэг хүнд ногдох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна, салбарын сайдын багцад 350 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт тусгуулжээ. Харин хаврын чуулганаар эрүүл мэндийн салбарын эмч ажиллагсдын  ажиллах нөхцлийг сайжруулахаас эхлээд салбарын 4-5 хуульд шинэчлэл хийхээр төлөвлөн ажлын хэсэг байгуулжээ.