Монгол Улсын төмөр зам дагуух 6-н аймгийн газар нутгаар хийн хоолой дамжина гэж тооцоолжээ

Засгийн газар

Байгалийн хийн хоолой татах төслийн ТЭЗҮ-ийн үр дүнг баталж дараагийн шатанд шилжүүллээ.

Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу татах байгалийн хийн хоолой манай улсын газар нутаг дээгүүр дамжин өнгөрөхөөр болсон. Сибирийн хүч-2 төслийн үргэлжлэл болох Союз Восток төслийн техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсныг зарлаж талууд өнөөдөр баталгаажууллаа. Монгол Улсыг төлөөлж Шадар сайд Амарсайхан, төслийн гүйцэтгэгчийг төлөөлж Газпром компанийн удирдах зөвлөлийн дарга Миллер нар протоколд гарын үсэг зурлаа.

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслий ТЭЗҮ-ийг өнгөрсөн оны 12-р сард эцэслэсэн. Энэ хүрээнд дараагийн шат руу шилжүүлэх албан ёсны протоколыг албажуулан Орос Монголын талууд гарын үзэг зурлаа. ТЭЗҮ-ээр эдийн засгийн өндөр үр өгөөж үзүүлэх нь тодорхой болсон тул 2022,2023 онуудад барилга байгууламжийн зураг төслийн ажлыг эхлүүлж, эрчимжүүлэхээр  төлөвлөж байна. 

Хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжихээр талууд гарын үсэг зурахдаа зураг төсөл хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх асуудлаар хэлэлцсэн юм. Урьдчилсан байдлаар Монгол Улсын төмөр зам дагуух зургаан аймгийг дамжин өнгөрөх хийн хоолойн төсөл  гурван улсын эдийн засагт өндөр ач холбогдолтойг талууд онцолж байлаа.

Мөн гурван улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн оны долдугаар сард утсаар ярихдаа хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэн ахиж гаргахаа хамтран мэдэгдэж байсныг МУ-ын шадар сайд онцолж байсан юм.