Н.УРТНАСАН: Цахим орчинд гүтгэлэг үргэлжилбэл хуулийн байгууллагад хандана

Эрх зүй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан яамныхаа ажилтан албан хаагчдыг халдаг, хөөж туудаг, өөрийн компанийг дэмжихийг тулгадаг зэрэг янз бүрийн асуудал сошиалд бичигдсэн. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон асуудал төрийн сайдтай холбогдон яригдаж байгаа учраас түүнээс тодруулга авлаа.

Сайдын хувьд яамныхаа ажилтнуудыг сольж, өөрчлөх эрхгүй. Харин засгийн газар, салбар яамны бодлогоос давж дураараа шийдвэр гаргадаг албан тушаалтнуудад холбогдох хяналтын байгууллага нь хариуцлага тооцсон л асуудал бий. Мөн далд байсан ан амьтан агнах тусгай зөвшөөрлийг ил тод болгох бодлогыг салбарын яам баримталж эхэлсэн нь сошиал дайралтад өртөж эхэлсэн гэдгийг онцоллоо. 

Ц.УРАНЧИМЭГ: ХОВОР АН, АМЬТАН АГНАХ, БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ДУР МЭДЭН ОЛГОСОН БОАЖЯ-НЫ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦСОН...

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Цогтсайханыг ажлаас нь чөлөөлжээ. Гэхдээ түүнд хариуцлага тооцох шийдвэрийг сайд бус, яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас шалгалт хийж хууль бус шийдвэр гаргасан байсныг үндэслэн Төрийн нарийн бичгийн дарга ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Энэ шалгалтыг хийхдээ яамны хүний нөөц, хяналтын ахлах мэргэжилтэн, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн зэрэг хүмүүсээс бүрдсэн баг шалгасан байна. Гэтэл хэлтсийн дарга Цогтсайхан Номадик вин трэвел компанид ховор ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг эрх мэдлээ ашиглан дураараа олгосон байсан нь илэрсэнг яамны хяналтын дарга Уранчимэг хэллээ.

Ховор ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг өгөхдөө байгалийн зүй тогтол, тухайн амьтны тоо толгой зэрэг олон шалгуурыг харж олгодог. Мөн тухайн амьтныг агнах болон барих зөвшөөрөл, яам болон холбогдох байгууллагууд оролцсон гурвалсан гэрээ хийгдснээр хүчин төгөлдөр болдог байна. Гэтэл ийм гэрээ хийгээгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь шалгалтаар тогтоогдсон гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Уранчимэг хэллээ. 

Н.УРТНАСАН: ЦАХИМ ОРЧИНД ГҮТГЭЛЭГ ҮРГЭЛЖИЛБЭЛ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА 

Ан амьтан агнах, барихтай холбоотой тусгай зөвшөөрлийн асуудал олон жил яригдаж ирсэн. Нэн ховор амьтдаа хайрлахгүй байна гэсэн иргэдийн шүүмжлэл ч их байдаг. Өмнө нь ховор ан амьтан агнах зөвшөөрөл ердөө нэг хэлтсийн хэмжээнд л яригдаж, Монгол Улсын бүх ан амьтанг агнах, барих эсэх нь хоёр гуравхан хүний мэдэлд байсан зэрэг буруу тогтолцоо оршсоор иржээ. Энэ байдлыг одоогийн засгийн газар, салбарын яам өөрчилж, ямар ан амьтанг хэн хаана, хэдэн төгрөг төлж, яаж агнах, барих гэж байгааг ил тод, нээлттэй, цахим болгох бодлогыг салбарын яам баримталсан байна. Харин үүний хариуд төрөл бүрийн гүтгэлэг, цуурхал тараагдаад байж болохгүйг салбарын сайд Уртнасан хэллээ. 

Төрийн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, авах гээд бүх хөдөлгөөн тодорхой хуулийн дагуу хийгддэг. Хэрвээ албан тушаалтанг буруугүй байхад нь хэлмэгдүүлсэн, шалтгаангүйгээр ажлаас нь чөлөөлсөн бол хууль шүүхийн байгууллагад хандах эрх нь ч нээлттэй байдаг байна.

Гэтэл хэн нэгэн албан тушаалын төлөө эсвэл ан амьтан агнах барих тусгай зөвшөөрлийг ил болгосны төлөө санаатай санаандгүй бусдын нэр төрд бүдүүлгээр халдаад байж болохгүйг салбарын сайд хэллээ. Мөн энэ байдал цаашид үргэлжилбэл хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.