Дельта вирус нийслэлд 30 хувь, Баян-Өлгий аймагт 80 хувьтай тархжээ

Ковид-19 /дотоод/

Дельта хувилбарын тархалт 9-р сарын дунд үеэс эрчимжинэ гэж эрдэмтдийн багаас мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд илэрч байгаа нийт халдварын 10 орчим хувьд нь дельта хувилбар бүртгэгдэж байсан. Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдэх нийт халдварын 30 орчим хувьд дельта хувилбар илрэх болжээ.

Хурдан тархацтайн дээр хоруу чанартай дельта вирусын тархалт Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 80 хувьтай байгаа бол Ховд аймагт 55 хувийн тархацтай байна. Мөн Говьсүмбэр аймагт 43 хувь, Завханд 70 хувь, Хэнтий аймагт 35 хувийн тархацтай байгааг мэдээллээ.

Дельта хувилбар эрчимтэй тархаж байгаа газруудад наадам хийсэн, жуулчид их очсон, морь уралдуулсан гээд хүн олноор бөөгнөрсөн байсныг хэллээ.

Хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг дельта хувилбар нь эмнэлэгт хэвтэх магадлалыг 2.2 дахин, эрчимт эмчилгээнд орон эрсдэлийг 3.8 дахин нэмэгдүүлдэг байна. Мөн кластер нь альфа хувилбарыг бодоход том буюу олон хүнд хурдан хугацаанд халдварлуулдагийн дээр өвдсөн тохиолдолд үргэлжлэх хугацаа их гэдгийг эрдэмтэд хэллээ. Эрдэмтдийн санааг зовоож байгаа гол асуудал нь дельта хувилбар вакцины үр дүнг огцом бууруулдаг байна. 

Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар вакцины хоёр тун хийлгэсэн иргэд альфа болон бета хувилбарын вирусээр өвдөхөөс илүүтэй дельта хувилбараар өвдөх магадлал өндөр гэж гарчээ.

Дельта вирус нь богино хугацаанд 7-8 хүнд халдвар тараах чадвартай тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ өндөр түвшинд баримтлахыг эрдэмтдийн багаас санууллаа. Дельта вирусын тархалт ирэх 9-р сарын дунд үеэс эрчимжинэ гэх тооцооллыг хийгээд байна.