Астразенека вакцины 3 дахь тунг төрийн алба хаагч нарт сайн дурын үндсэн дээр хийж байна

Ковид-19 /дотоод/

Астразенека вакцины хоёр тун хийлгэсэн иргэнд гурав дахь тунг хийснээр өмнөх дархлаа тогтцоос 2-3 дахин илүү үр дүн үзүүлжээ.

Хариу арга хэмжээ авах багийнханд Астразенека вакцины гурав дахь тунг хийж эхэллээ.

Хоёр тун хийлгээд халдвар авсан хүмүүс гурав дахь тун хийлгэх шаардлагагүй.

Дельта вирусын тархалт ирэх сарын дунд үеэс илүү эрчимжиж нөхцөл байдал амаргүй болох эрсдэл үүссэн тул астразенека вакцины 3 дахь тунг эмч, цагдаа, онцгой зэрэг хариу арга хэмжээ авах багийханд сайн дурын үндсэн дээр хийж эхэллээ. Олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар Астразенека вакцины бүрэн тун хийлгэсэн иргэдэд бүүстер тун буюу 3-р тунг хийснээр өмнөх хоёр тунгийн дархлаа тогтцоос 2-3 дахин илүү үр нөлөө үзүүлж байгааг тогтоожээ. Тиймээс дөрөв дахин хурдан тархах чадвартай дельта вирусын давалгаанаас урьдчилан сэргийлэх үүднээс гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж байгааг хэллээ.

Астразенека вакцинаас бусад төрлийн вакциныг гурав дахь тунгаар хийх эсэх  нь одоогоор тодорхой биш байна. Зөвхөн астразенека вакцины нэмэлт тунгийн судалгаа хийгдэж амжилттай явж байгаа тул хариу арга хэмжээ авах багийн алба хаагчдыг дархлаажуулах шийдвэр гаргаад байгаа юм. Иргэдэд хийх эсэх нь одоогоор мөн шийдэгдээгүй байна. ХӨСҮТ болоод эрдэмтдийн баг өргөн хүрээний судалгаа хийж байгааг онцоллоо.

Вакцины гурав дахь тунг хийх нь альфа, бета, дельта гээд аль аль хувилбарт вирусын эсрэг дархлаа тогтоох өндөр үр дүн үзүүлж байгааг судлаачид тогтоосон байна. Олон улсын байгууллагын судалгаагаар файзер вакцины гурав дахь тунг архаг хууч өвчтэй дархлаа султай хүмүүст хийх асуудлыг судалж байгаач эцсийн байдлаар хийж болно гэх судалгааны үр дүн гараагүй байгааг хэлж байна.