Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын ууган сургууль, Монгол Улсын баатар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав
Тэрбээр тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, төгсөгч нарт түүхт 105 жилийн баярын мэнд хүргэлээ.
Үндэсний батлан хамгаалахын их сургууль баатарлаг гавьяа, бахдам амжилт дүүрэн 105 жилийн хугацаандаа эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах үйлсийг манлайлагч цэргийн даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэж, дайны хүнд жилүүдэд эх орноо батлан хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд байж, энхийн цагт бүтээн байгуулалт, эх оронч үзэл, соёл, боловсрол, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөө цагт Зэвсэгт хүчний шинэчлэл, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны хүний нөөц, оюуны тулгуур болсоор ирснийг онцлов.
Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө үе үеийн багш, сонсогч, төгсөгчдийн бүтээсэн бахдам түүх, зуун дамнасан гавьяат үйлс мөн гэдгийг тодотголоо.
Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцуулав.
Ерөнхийлөгч тус сургуулийн 105 жилийн ойг тохиолдуулан Агаарын цэргийн тэнхимийн ахмад багш, Ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Самбуугийн Отгонбаярт Гавьяат багш, Ахмадын хорооны орлогч дарга, бэлтгэл дэд хурандаа Хүүхэний Дагданд Гавьяат холбоочин, “Соёмбо” бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулагч, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ахмад бүжигчин, бэлтгэл ахлагч Хамбагайн Дамбад Гавьяат жүжигчин, Эрдмийн сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор, бэлтгэл хурандаа Баасанжавын Өлзийхуягт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

