Улаанбаатарын түгжрэлийг бууруулах нэг боломжит шийдэл бол хотын доторх төмөр замын дэд бүтцийг ашиглан нийтийн тээврийн зориулалтаар ил метро нэвтрүүлэх юм.Тэгвэл өнөөдөр хотын доторх төмөр зам дээр ил метро ажиллахын тулд ямар дэд бүтэц шаардлагатай талаар мэдээлэл бэлдлээ.
Ил метро буюу хот доторх хөнгөн галт тэрэг нь зөвхөн төмөр зам тавиад галт тэрэг явуулчихдаг систем биш. Зам, буудал, цахилгаан, дохиолол, удирдлага, засварын бааз зэрэг хэд хэдэн дэд бүтэц хамтдаа ажилладаг. Олон улсын төмөр замын дэд бүтцийн шаардлагад ч зам, станц, депо, цахилгаан, дохиолол, холбоо зэрэг системүүдийг цогцоор нь авч үздэг. Хамгийн энгийнээр тайлбарлавал
ТӨМӨР ЗАМЫН ЗАМ БУЮУ ГАЛТ ТЭРЭГ АЯЛАХ ТУСГАЙ ТӨМӨР ЗАМЫН ШУГАМ
• ТӨМӨР ЗАМ
• ДЭР, СУУРЬ
• УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ
• ШААРДЛАГАТАЙ ХЭСЭГТ ХАШЛАГА
• ЗАМЫН ДАГУУХ ХАМГААЛАЛТ
Хэрэв одоо байгаа төмөр замыг ашиглах боломжтой бол замыг бүхэлд нь шинээр барих шаардлага багасна. Харин зорчигч тээврийн давтамж, хурд, аюулгүй байдлыг хангахын тулд замыг шинэчлэх, зарим хэсэгт тусгаарлах шаардлагатай байж болно.
ЗОРЧИГЧИЙН БУУДАЛ /Галт тэрэг зогсох бүрт иргэд аюулгүйгээр сууж, буух буудал хэрэгтэй/
• ЗОРЧИГЧИЙН ТАВЦАН
• САРАВЧ
• ГЭРЭЛТҮҮЛЭГ
• ТАСАЛБАРЫН СИСТЕМ
• МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭЦ
• КАМЕР
• ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НАЛУУ ЗАМ, ЛИФТ ЗЭРЭГ ХҮРТЭЭМЖИЙН ШИЙДЭЛ
• ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ
Өөрөөр хэлбэл автобусны буудал шиг боловч төмөр замын галт тэргэнд тохирсон, илүү аюулгүй платформтой гэж ойлгож болно.
ЦАХИЛГААН ХАНГАМЖ
Хэрэв цахилгаан хөнгөн галт тэрэг ашиглавал галт тэргийг хөдөлгөх цахилгаан эрчим хүчний систем хэрэгтэй.
- ЦАХИЛГААН СҮЛЖЭЭ
- ДЭД СТАНЦ
- ТӨМӨР ЗАМЫН ДАГУУХ ЦАХИЛГААН ХАНГАМЖ
- ГАЛТ ТЭРЭГ гэсэн дарааллаар очно.
ДЭЭГҮҮРХ ЦАХИЛГААНЫ ШУГАМ
Галт тэрэгний дээр байрлах пантограф дээгүүрх цахилгааны шугамтай хүрэлцэж, хөдөлгүүрт цахилгаан дамжуулна. Тиймээс төмөр замын дагуу:
• ЦАХИЛГААНЫ ТУЛГУУР
• ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ УТАС
• ДЭД СТАНЦ
• ХАМГААЛАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ
байрлана. Энэ системийг цаг агаарын нөхцөл, салхи, цас, хүйтэн зэрэгт тэсвэртэй байхаар төлөвлөх шаардлагатай.
ДОХИОЛОЛ БА ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГА
Энэ бол хамгийн чухал хэсгийн нэг. Галт тэрэгнүүд хоорондоо хэт ойртохгүй, мөргөлдөхгүй, зөв замаар зорчихын тулд дохиолол, галт тэрэгний удирдлагын систем ажиллана. Өөрөөр хэлбэл:
“Энэ галт тэрэг явж болно, энэ хэсэгт зогсоно, дараагийн галт тэрэг хүлээнэ”
гэдгийг систем автоматаар хянадаг. Дохиоллын систем нь мөргөлдөөн, араас мөргөх, буруу чиглэлд орох зэрэг эрсдэлийг бууруулах үндсэн үүрэгтэй.
ХОЛБОО, ХЯНАЛТЫН ТӨВ
Бүх галт тэрэг, буудал, дохиолол, цахилгаан хангамжийг нэг төвөөс хянах удирдлагын төв хэрэгтэй. Тэндээс:
• хэдэн галт тэрэг явж байна
• аль буудалд байна
• ямар нэгэн саатал гарсан эсэх
• цахилгааны асуудал байгаа эсэх
• осол, онцгой нөхцөл үүссэн эсэх зэргийг хянадаг.
ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЕПО
Галт тэрэг өдөржин зорчоод шууд зам дээрээ хонохгүй.
Түүнийг шалгах, цэвэрлэх, засварлах, сэлбэг солих зориулалттай депо буюу галт тэрэгний засвар үйлчилгээний бааз хэрэгтэй. Энд:
• ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗОГСООЛ
• ЗАСВАРЫН БАЙР
• УГААЛГА, ЦЭВЭРЛЭГЭЭ
• ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ
• СЭЛБЭГИЙН АГУУЛАХ зэрэг байрлана.
ЗАМЫН УУЛЗВАР, ГАРЦ
Хэрэв төмөр зам нь автомашины замтай огтлолцож байвал хамгийн чухал асуудлын нэг нь аюулгүй гарц. Тухайн хэсэгт:
• АВТОМАТ ХААЛТ
• ГЭРЛЭН ДОХИО
• АНХААРУУЛАХ ДОХИО
• КАМЕР
• ЯВГАН ХҮНИЙ ХАМГААЛАЛТ
зэрэг шаардлагатай.