ИЛ МЕТРО НЬ ОЛОН ХААЛГАТАЙ УЧРААС БУУЖ СУУХАД ХЯЛБАР БӨГӨӨД ХУРДАН ШИЙДЭЛТЭЙ

Ил Метро төсөл

"Монгол улсаа хөгжүүлье" уриатай TV5 телевиз түгжрэлийг бууруулах "Ил метро" төслийг санаачлан, зорилтот контентуудаа цувралаар хүргэсээр байна. Тэгвэл энэ удаад төмөр зам дээрх ил метро нь хэрхэн ажилладаг тухай талаар мэдээллийг хүргэж байна. Ил метро нь тогтсон цагт нэгэн зэрэг олон хүнийг тээвэрлэж, хамгийн богино хугацаанд саадгүй хүргэдэг. Нэг дор олон хүн зэрэг бууж суудаг учраас энгийн галт тэрэгнээс ялгаатай нь олон хаалгатай учраас зорчигчид аль талаар нь бууж суух боломжтой байдгаараа давуу талтай.

Ил метрог хамгийн энгийнээр тайлбарлавал төмөр замаар явдаг хотын нийтийн тээвэр юм. Галт тэрэг нь ихэвчлэн хоёр, гурав болон түүнээс олон вагоныг холбосон бүрэлдэхүүнтэй байна. Энэ нь энгийн галт тэрэгнийхээс илүү хотын нийтийн тээвэрт зориулсан хийцтэй. Өөрөөр хэлбэл, олон хүн сууж, зарим нь зогсоогоор зорчих боломжтой, мөн хүн хурдан сууж буухын тулд олон хаалгатай байдаг.

Хөдөлгүүрийн хувьд дизель түлш болон , цахилгаанаар ажилладаг, мөн дизель цахилгаан хосолсон хувилбар ч бий. Дизель хөдөлгүүртэй ил метрог сонговол төмөр замын дээгүүр цахилгаан шугам татах шаардлагагүй. Цахилгаан хөдөлгүүртэй бол цахилгаан дамжуулах утаснаас эрчим хүч авч ажиллана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын хувьд ямар төрлийн ил метрог ашиглах вэ гэдэг нь төмөр замын одоогийн нөхцөл, цахилгаанжуулалт, зорчигчдын тоо, буудлуудын зай болон ашиглалтын зардлаас хамаарч шийдэгдэнэ.

Ил метро нь хот дотор зорчдог учраас буудал хооронд ойрхон зогсож, хурдан хөдөлж, хурдан хурдаа авдаг байх нь хамгийн чухал. Жишээлбэл, иргэн өглөө гэрээсээ гараад хамгийн ойрын буудалдаа очно. Тэндээс ил метронд суугаад төмөр замын дагуу дараагийн буудлуудаар дамжин маш хурдан хугацаанд ажил, сургуульдаа хүрнэ.

Өөрөөр хэлбэл автомашинтай адил замын түгжрэлд хэдэн цагаар зогсохгүй. Тиймээс ил метроны гол давуу тал нь одоо байгаа төмөр замыг ашиглан олон хүнийг нэг дор, тогтсон цагийн хуваарийн дагуу, түгжрэлгүй тээвэрлэх боломжтойд оршиж байна.

Мөн хотын нийтийн тээвэрт ашиглах галт тэргийг зорчигчдын урсгалд тохируулан уян хатан бүрдүүлж болдог. Тухайлбал, зорчигч цөөн үед хоёр вагонтой бүрэлдэхүүн явуулж болох бол, өглөө болон оройн оргил ачааллын үед илүү олон вагонтой бүрэлдэхүүн ажиллуулах боломжтой.