Улаанбаатар хотын 17,1 км урттай төмөр замд ил метро байгуулна гэж тооцвол юуны өмнө одоо байгаа төмөр замын сүлжээг өргөтгөх эсэх, үүний дараа дэд бүтэц, буудлуудыг барих, цахилгаан эрчим хүчээ шийдвэрлэх, засвар үйлчилгээний депо байгуулах зэрэг зардлууд нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал. Урьдчилсан тооцооллоор үзэхэд 850 орчим тэрбум төгрөг шаардлагатай болж байна. гэхдээ энэ бол эцсийн өртөг биш. Бодит ажил болох цагт ТЭЗҮ-ийг нарийвчлан тогтоох шаардлагатай болох юм.
Ил метроны нийт өртөг гэдэг нь зөвхөн галт тэрэгний үнэ биш. Галт тэрэг, төмөр зам, буудал, цахилгаан эрчим хүч, дохиолол холбоо, засвар үйлчилгээ болон бусад дэд бүтцийн нийлбэр зардал шаардагдана. Түүнчлэн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа хийх, газар чөлөөлөх шаардлагатай бол газар болон нөхөн олговрын зардал, барилга угсралтын хяналт зэрэг нэмэлт зардлууд гарна. Харин Улаанбаатарын хувьд одоо байгаа төмөр замын дэд бүтцийг ашиглаж чадвал шинэ замыг бүхэлд нь шинээр барих шаардлага багасаж, нийт хөрөнгө оруулалтын зардлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын доторх одоо байгаа 17.1 километр төмөр замыг нийтийн тээврийн зориулалтаар ашиглаж, ил метро явуулах тохиолдолд бүх төмөр замыг шинээр барих шаардлагагүй. Тиймээс гол зардал нь төмөр замыг шинэчлэх, буудлууд байгуулах, галт тэрэг авах, дохиолол холбоо болон аюулгүй ажиллагааны систем суурилуулахад зарцуулагдана.
Урьдчилсан байдлаар 17.1 километрийн шугам, ойролцоогоор 10 буудалтай системийг тооцвол:
- Нэгдүгээрт, төмөр замын шинэчлэлд ойролцоогоор 120-180 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнд төмөр замын зам, дэр мод, суман шилжүүлэг, гарц болон нийтийн тээвэрт тохируулах засвар шинэчлэл багтана.
- Хоёрдугаарт, 10 орчим буудал байгуулахад ойролцоогоор 100-150 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнд зорчигч суух тавцан, шат, налуу зам, гэрэлтүүлэг, мэдээллийн самбар, хамгаалалт болон зорчигчийн урсгалд зориулсан байгууламжууд орно.
- Гуравдугаарт, галт тэрэгний бүрэлдэхүүнд ойролцоогоор 120-180 тэрбум төгрөг шаардлагатай.Үүнд нийтийн тээврийн зориулалттай хөнгөн галт тэрэг, рэйлбус болон шаардлагатай нөөц бүрэлдэхүүнүүд багтана.
- Дөрөвдүгээрт, дохиолол, холбоо, удирдлагын системд 60-90 тэрбум төгрөг,
- Тавдугаарт, цахилгаан эрчим хүч болон инженерийн дэд бүтцэд 40-60 тэрбум төгрөг,
Харин депо буюу галт тэрэгний засвар үйлчилгээний баазад 40-70 тэрбум төгрөг орчим шаардлагатай гэж тооцож болно.
Үүн дээр зураг төсөл, инженерийн судалгаа, хяналт болон урьдчилан тооцоолоогүй зардлын нөөцийг нэмбэл нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 560-850 тэрбум төгрөгийн хүрээнд яригдаж болохоор байна. Гэхдээ энэ нь эцсийн төсөв биш. Төмөр замын өнөөгийн техникийн байдал, хэдэн буудал байгуулах, хэдэн галт тэрэг авах, цахилгаан эсвэл дизель хөдөлгүүр ашиглах эсэх, мөн төмөр замын огтлолцол болон явган хүний гарцыг хэрхэн шийдэхээс шалтгаалан өртөг өөрчлөгдөнө.