ЦССҮТ-өөс 20 км доторх бүх эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор хүргэх боломжтой боллоо

Эрүүл мэнд
Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт замын түгжрэл эрс нэмэгдэж, яаралтай үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэл үүсэх болсон. Иймд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах төслийг санаачлан хэрэгжүүлжээ.  Энэхүү дроныг цус, цусан бүтээгдэхүүнийг захиалгын дагуу тээвэрлэх зардал, хугацааг хэмнэх, хүний нөөц, ажлын ачааллыг багасгах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Цаашид эмнэлэг бүр дронтой болох боломжтой гэсэн юм. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг  “Карбон Композитс” компанийн монгол инженерүүд эх орондоо угсарчээ.  Тиймээс Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон дөрвөн улиралд тасралтгүй хэрэглэх боломжтой гэсэн юм.  Хамгийн хүйтэндээ -35 хэмд ажиллах боломжтой гэлээ. Мөн дрон унах тохиолдолд автоматаар шүхэр дэлгэгдэх юм. Шаардлагатай тохиолдолд гар аргаар, механик байдлаар шүхрийг дэлгэх боломжтой. Анх хөөргөсөн газраас 500 метрийн өндөрт ниснэ. Хамгийн дээд хурд нь 15 м/с буюу 56 км/ц гэсэн юм.  

Энэ төхөөрөмжид суурилан цаашид эрүүл мэндийн байгууллагууд сорьц тээвэрлэх, бусад салбарт ч загвар болгох боломжтой гэж төсөл санаачлагчид ярьж байна. Ийнхүү технологийн дэвшилд тулгуурлан эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эрдэнэт хүний амь насыг авран хамгаалах боломж бүрдлээ.