COVID-19 цар тахал улс орнуудад эдийн засгийн ихээхэн сөрөг үр дагавар авчирч, хувиараа бизнес эрхлэгчид, жижиг аж ахуйн нэгжүүд санхүүгийн маш хүнд байдалд орж эхнээсээ дампуурч байна. Түүнчлэн үүнийг дагаад ажилгүйдэл хаа сайгүй нэмэгдэж байгаа юм.

Тухайлбал ЕХ-ны улс орнуудад, евро бүсэд өнгөрсөн жилийн хугацаанд аялал жуулчлал, үйлчилгээний салбар, мөн жижиг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа нь хумигдаж, их хэмжээний алдагдалд орж, хаалгаа хаахад хүрээд байна. Энэ нь цар тахалтай холбоотой өнгөрсөн хавар болон энэ намар тогтоосон бүх нийтийн хөл хорио, карантин, локдаунтай холбоотой юм. Улс орнууд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөг даван туулахын тулд тус бүртээ эрсдлийн сан байгуулж, төсвийн нөөц хөрөнгөнөөс мөнгө гарган бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого явуулж байгаа ч энэ нь хангалтгүй байна.

Европын статистикийн нэгдсэн алба болох Евростат агентлагийн мэдээлж байгаагаар Евро бүсийн орнуудад цар тахлаас үүдэн ажилгүйдэл эрс нэмэгдэж, 2019 оны 11-р сард ажилгүйдлийн түвшин 7,4%-тай байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 8,3% болж өсчээ. Ингэхдээ ажилгүй хоцорч байгаа иргэдийн дийлэнх нь цар тахалтай холбоотой хөл хорионд хамгийн түрүүнд өртөж байгаа агаарын тээвэр, үйлчилгээний салбар, аялал жуулчлалын салбарынхан байгааг тэмдэглэж байна. Түүнчлэн судалгаанд дурьдсанаар цар тахлаас үүдэн залуус хамгийн ихээр ажилгүй хоцорчээ. Өнгөрсөн оны 11-р сарын байдлаар Европын 25 нас хүртэлх ажил эрхлэгч иргэдийн 18,4% нь ажилгүй хоцорсон байна.

ЕХ-ны улс орнууд нэгдсэн эрсдлийн сан байгуулж, цар тахлын үеийн хүнд нөхцөл байдлыг даван туулах оролдлого хийж байгаа ч Евро бүсийн 19 улс оронд сүүлийн саруудад жижиг дунд бизнесийн компаниуд ажилчдаа цомхотгох бодлого баримтлахаас аргагүйд хүрчээ. Европын орнуудаас Испанид ажилгүйдэл хамгийн өндөр буюу 16,4%-тай, Литва улсад 10,4%, Италид 8,9%-тай байна.