“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд шаардлагатай орлогыг бүрдүүлэхээр үйл ажиллагаа явуулж ирсэн.
Дээрх хууль болон тус хуулийг дагаж мөрдөх журамд 2021 оны 5 дугаар сард 216,216,542,000 төгрөгийг тэтгэврийн зээлгүй иргэдэд олгохоор заасан байдаг.
“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Монгол банкинд 37 сая ам.доллар буюу 105 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг байршуулж, тэтгэврийн зээлгүй иргэдэд 1 сая төгрөгийг мөнгөжүүлж олгоход бэлэн боллоо.
Үлдсэн 110 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 5 дугаар сараас өмнө бүрдүүлэхээр төлөвлөсний дагуу ажиллаж байна.
“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь Монгол банкинд ийнхүү гадаад валют байршуулсанаар Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол улсын эдийн засгийн өсөлт саарч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэж байгаа энэ үед Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, улс орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулна.
Өнөөдөр 16 цагаас Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Эрдэнэс силвер ресурс компанийн захирал Т.Мөнхбаяр 37 сая доллар хүлээлгэн өгнө.