COVID-19 коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэгч Пфайзер эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн ашиг орлого цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж эхэлснээр огцом өсчээ. Дэлхийн улс орнууд ард иргэдээ цар тахлын халдвараас хамгаалж, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Пфайзер нэрийн вакциныг олноор нь захиалж байгаа учраас компанийн ашиг орлого ч энэ хирээр өсөн нэмэгдэж байна.

Зөвхөн 2021 он гарсаар улс орнууд Пфайзер компанид 2 тэрбум тун вакцины захиалга өгч, гэрээ байгуулаад байгаа юм. 2021 оны 1-р сарын тайлангаар Пфайзер компани дэлхийн улс орнуудад нийтдээ 65 сая тун вакцин нийлүүлээд байгаа юм. Эдгээрийн тэн хагасыг зөвхөн АНУ-д нийлүүлжээ. Тэгвэл ирэх 5-р сарын сүүлч гэхэд АНУ нэмж 200 сая тун вакцин авахаар захиалга өгөөд байна. Ийнхүү вакцины захиалга эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Пфайзер компани үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн шат дамжлагаа өөрчилж, илүү үр дүнтэй ажиллах зорилт тавиад байна.

Пфайзер компани Германы BioNTech компанитай хамтран боловсруулсан цар тахлын эсрэг вакцины үйлдвэрлэлээрээ 12,5 тэрбум еврогийн ашигтай ажиллах төлөвтэй байна.