Японд “Токио-2020” Паралимпийн наадам эхэллээ

Спорт

Японы нийслэл Токио хотноо өнөөдөр Зуны 16 дахь удаагийн Паралимпийн наадам нээлтээ хийж байна. Паралимпийн наадам 8-р сарын 24-нөөс 9-р сарын 5-ны хооронд үргэлжлэх юм. Цар тахлын халдварын улмаас Токиогийн Олимп, Паралимпийн наадам нэг жилээр хойшлогдон зохион байгуулагдаж, өнөөдөр Паралимпийн нээлтийн ёслол болж байгаа юм

Зуны 16 дахь удаагийн Паралимпийн наадам хоёр долоо хоног үргэлжилж, нийтдээ спортын 22 төрөлд 540 багц медалийн төлөө орон орны тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Энэ удаагийн Паралимпийн наадамд таэквондо болон бадминтоны спорт шинээр нэмэгдэж орсон бол далбаат завь болон хөлбөмбөгийн нэг төрөл хасагдаж байна. Токио-2020 Паралимпийн наадамд Монгол улсаас 11 тамирчин спортын 6 төрөлд оролцоно. Монгол улсын баг тамирчид буудлага, байт харваа, пауэрлифтинг, таэквондо, жудо, хөнгөн атлетикийн төрөлд оролцох юм.  

Паралимпийн наадмын тэмцээн уралдаан лхагва гарагаас эхэлж, эхний өдөр нийтдээ дугуй, усанд сэлэлт болон суугаа туялзуур сэлэмний төрөлд эхний медалийн эзэд тодорч, энэ өдөр нийт 24 багц медаль эзэддээ очих юм.  

Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд зохиогддог Паралимпийн наадмыг 1960 оноос эхлэн ОУОХ-ны ивээл дор зохион байгуулсаар иржээ. Анхны Паралимпийн тэмцээн уралдаан Италийн Ром хотноо болж байсан юм. Тэгвэл Японы нийслэл Токио хот Паралимпийн наадмыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Эхнийх нь 1964 онд Токио хотноо болж байжээ.

Токио-2020 Паралимпийн наадам цар тахлын халдварын улмаас мөн л халдвар хамгааллын аюулгүй байдалд, үзэгчгүйгээр болно. Паралимпийн наадамд дэлхийн 160 улс орон, нутаг дэвсгэрийн 4,400-аад тамирчин оролцож байгаа юм.