Б. Батбаяр: Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор хүндэт харуул болж алхах мөрөөдөлтэй цэрэгт татагдсан

Нийгэм

Өнгөрсөн жилийн 5-р сард татагдаж ирсэн цэргүүд 20-иод хоногийн дараа халагдах юм. Цэргийн алба хүнийг тэвчээр, хатуужилтай, зоригтой болгодог нь хамгийн сайхан гэж цэргүүд ярьж байна. Мөн хүндэт харуулын ангид хуваарьлагдсандаа баяртай байгаагаа ч онцолсон юм. Тэд хүндэтгэлийн арга хэмжээнд хөл нийлүүлэн алхахын тулд өдөр болгон бэлтгэл хийдэг байна. Сүүлийн үед цэргийн дэглэлттэй холбоотой олон асуудал яригдаж байгаа юм.

Энэ ангид ч мөн ийм асуудал үүсч байсан. Тодруулбал, Зэвсэгт хүчний хүндэт харуулын 032-р ангид алба хааж буй цэргүүд нийлж хоёр цэргийг дарамталж, дээрлхэж байгаа бичлэг саяхан цацагдсан. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд нь ч сэтгэл санааны хямралд өртөж байсан гэдгээ хэлж байна. Харин цэргийн ангид нь ирж нөхцөл байдалтай нь танилцаж, хүүхдүүдтэйгээ уулзсанаар энэ зовинол алга боллоо гэж ярьж байсан юм. Нэг жилийн хугацаат цэргийн албаа хааж дуусгаад гэр бүлдээ очих гэсэн байлдагч нарын дэврүүн хүсэл тун удахгүй биеллээ олох нь. Эх орныхоо энх тайван байдлын төлөө үүргээ биелүүлж, цэргийн албаа өөрийн хүсэлтээр хааж байгаадаа баяртай байна гэж байлдагчид инээмсэглэн ярьж байсан юм.