Н. Түвшинбаяр аваргын хэргийг эцэслэн шийдвэрлэж байж тамирчид олимпод орох эсэх нь тодорхой болно

Нийгэм

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өнгөрсөн оны наймдугаар сард МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгож, олон улсад Монголыг төлөөлөх төлөөлөгч болгосон. Гэтэл ийнхүү зодооны хэрэг үүсгэн сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэ нь Монголын баг тамирчдыг олимпийн наадамд оролцох боломжгүй болгох эрсдэлтэй байгаа юм.

Тодруулбал, Олон улсын олимпийн хороо гишүүдээ эрүүгийн хэрэгт холбогдвол автоматаар түр түдгэлзүүлдэг. Дараа нь хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж, буруутай нь тогтоогдвол эрхийг нь хасна, торгоно. Харин буруугүй нь тогтоогдвол гишүүнчлэлийг нь сэргээдэг байна. Тэгвэл энэ талаар МҮОХ-ны дэд даргаас тодрууллаа.  ОУОХ-оос одоогоор Монгол улсад ямар нэгэн мэдэгдэл хүргүүлээгүй байгааг албаныхан хэлж байна. Хэрэв эрхийг нь түтгэлзүүлэх, манай улсын баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй гэвэл урьдаас мэдэгдэх учиртай гэж тайлбарлалаа. Мөн Н. Түвшинбаяр аваргын олимпийн медалийг тэглэхгүй, хураахгүй гэсэн юм.

Олимпийн аварга Н. Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлэх заалттай байгаа юм. Одоогоор түүнийг 20 хоног цагдан хорьж байгаа юм. Мөн ОУОХ-оос манай улсын гишүүнчлэлийг түтгэлзүүлсэн тохиолдолд тамирчид Монгол улсын нэрийн дор олимпод оролцох боломжгүй болохоос гадна, олгох санхүүжилт, дэмжлэг ч зогсоход хүрэх юм.