Өнөөдөр Синофарм үйлдвэрийн вакцины 300 мянган тун буух бол энэ сарын 9-нд 600 мянган тун бууна

Нийгэм

 

"Ковид" 19 халдварын хүнд нөхцлийг даван туулахад дэмжлэг болгож дэлхийн банкнаас 50,7 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг УИХ-аар хэлэлцэн дэмжлээ. Дээрх мөнгөөр нийт зорилтот бүлэг буюу хүн амын 60 хувийг бүрэн вакцинжуулах, вакцин хадгалах хүйтэн хэлхээний төхөөрөмж авах зэрэгт зарцуулах юм.

Нэн хөнгөлөлттэй зээл нь жилийн 1,25 хувийн хүүтэй бол үйлчилгээний хураамж 0,75 хувь байхаар талууд тохиролцжээ. Зээлийн эргэн төлөх нийт хугацаа 30 жил байх бол эхний таван жил эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх юм байна. ДЭМБ-аар баталгаажсан вакцинууд үнийн хувьд янз бүр олон улсын хар зах дээр дамлан худалдаалагдах түвшинд очоод байна. Манай улс зорилтот бүлгийнхээ 20 гаруй хувийг дархлаажуулаад байгаа бол цаашид вакцинжуулалтыг хурдацтай нэмэгдүүлэх үүднээс дээрх санхүүжилтийг авч байгаа юм. Улмаар төлөвлөсөн хугацаандаа буюу 2021 оны 6-р сарын 30-ны өдөр гэхэд хоёр сая иргэнээ бүрэн вакцинжуулна гэдгийг сангийн сайд онцоллоо. Зээлийн асуудлыг хэлэлцэх үеэр иргэдэд хийх давтан тунгийн нөөц болоод эрсдэлийн үеийн иргэдэд олгох мэдээлэл харилцаа дутмаг байгааг гишүүд хэллээ. Дэлхий нийтэд хэд хэдэн хүүхдийн вакцин туршилтын шатандаа явж, эхнээсээ үр дүнд хүрч байгаа юм. Тиймээс хүүхдийн вакцин баталгаажсан тохиолдолд нэн даруй татан авахад анхаарч ажиллах хэрэгтэйг гишүүд онцолж байлаа. Улмаар зээлийн хэлэлцээрийн төслийг гишүүдийн олонхи дэмжсэн юм.