Дөрөвдүгээр сарын тусгай үүргийн нислэгийн хуваарь өөрчлөгджээ

Нийгэм
Монгол Улс өнөөдрийн байдлаар гадаадын 93 улсаас 31,168 иргэнээ татан аваад байгаа юм. Харин ирэх дөрөвдүгээр сард 12 удаагийн нислэг үйлдэж 2100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.

Гэвч тусгаарлах байр болон бусад техникийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон гэдгийг Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулбал,
-Дөрөвдүгээр сарын 5-нд төлөвлөж байсан Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг дөрөвдүгээр сарын 6-ны орой,
-Дөрөвдүгээр сарын 6-нд төлөвлөж байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сарын 7-нд,
-Дөрөвдүгээр сарын 14-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг Солонгосын Асиана Эйрланс компани үйлдэнэ,
-Дөрөвдүгээр сарын 26-нд төлөвлөж байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн “Кореан Эйр” компанийн нислэгийг иргэд болон тус компанийн хүсэлтийн дагуу дөрөвдүгээр сарын 28-нд болгож нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Харин нислэгийн тийзийн үнийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “УОК-ын хоёрдугаар сарын ээлжит хурлаар МИАТ компанийг тусгай үүргийн нислэгийн тийзийн үнээ хямдруулах үүрэг чиглэл өгсөн. МИАТ компани гуравдугаар сараас хойших тусгай үүргийн нислэгийн тийзийн үнээ 15 хувиар бууруулсан. Бид гадаад улсуудын авиа компаниудын нислэгийг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хүлээж авах болсонтой холбоотойгоор уулзалт хийхдээ тийзийн үнээ хямдруулах санал тавьсан” гэлээ.