Монгол гэрийг АНУ, Австрали улсуудад экспортолж байна

Нийгэм

Монгол гэр нь зөөвөрлөж барих боломжтой, дулаан тусгаарлалт, агаарын солилцоо сайн  зэрэг чухал давуу талуудтай боловч харьцангуй хямд өртөгтэй тул өндөр хөгжилтэй орнуудын зах зээлийн тодорхой хэсгийн сонирхлыг ихэд татдаг. 

Монголчууд болон Төв Азийн бусад нүүдэлчдийн хэрэглэж ирсэн уламжлалт гэр нь гадаад орнуудад орос нэрээрээ буюу юрта (yurt) хэмээн танигдсан.

Монгол Улсаас жилд дунджаар 1000 орчим гэр БНХАУ, ОХУ, Австрали, Бельги, Канад, Герман, Испани, Франц,  Англи, Нидерланд, БНСУ, АНУ,  Унгар зэрэг улсуудад экспортлогдог бөгөөд эдгээр ихэвчлэн гадаад компаниудын зуучлалаар эцсийн хэрэглэгчдэдээ хүрдэг тул борлуулалтын орлогын дийлэнх нь зуучлагч компаниудад очдог. Тэгвэл Ашид Гэр ХХК нь үйлдвэрлэлээс эхлэн гадаадын хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүхий л процессыг өөрсдөө хариуцдаг тул илүү нэмүү өртгийг Монголдоо авч үлддэг байна. 

Тус компани нь Монгол гэрийн загвар, материалыг гадаадын хэрэглэгчийн хэрэгцээ, халуун, чийглэг уур амьсгалд зохицуулан сайжруулан хөгжүүлж Оригинал Юуртс брэнд болгон АНУ, Австрали улсуудад экспортолдог. Саяхан тус компани 10 ханатай буюу 11 метрийн диаметртэй гэрийг өмнөд туйлтай хамгийн ойр цэгүүдийн нэг болох Австрали улсын Тасмани аралд хүргэн, худалдан авагчдаа угсарч хүлээлгэн өгсөн байна.