Д.Сумъяабазар: Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, зураг төсөл хийж байгаа

Нийгэм

Монгол, Хятад хоёр улсын эдийн засаг,  хамтын ажиллагаа, тусламжийн хүрээнд БНХАУ-ын төмөр замын анги нэгтгэл, Чайна констракшн Энхтайваны гүүрийг барьсан. 1958 онд ашиглалтад оруулснаас хойш 63 жил өнгөрч байна. Гүүрэнд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:

"Энхтайваны гүүр, 120, 220 мянгат гээд маш олон барилга, байгууламжийн бүтээн байгуулалтад БНХАУ-ын барилгын Чайна констракшн оролцсон. Ю.Цэдэнбал дарга Хятадаас ч, Оросоос ч дэмжлэг авдаг, олон талт хамтын ажиллагаа явуулдаг байсан. Удирдагчийн зөв бодлогын үр дүнд хот өргөжин тэлж, тухайн үеийнхээ үйлдвэр инновацийн төв болж байлаа. 1987 он гэхэд Монгол Улс хөнгөн үйлдвэрийнхээ салбараар Хятадаас дээгүүр, тэргүүлэх хэмжээнд байсан. Бид бодлогын алдаа гаргаж, боловсон хүчин, үйлдвэр технологийн бодлогоо алдаж, ажилчин анги нь наймаачин болж, сүүлдээ хувийн хэвшил болж, олон үйлдвэр хоосорсон. Үүнийг давтаж болохгүй. Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, Хятадын талтай ярьж, зургаан эгнээ болгон өргөтгөж, явган хүн, дугуйн замтай зураг төсөл хийгээд явж байгаа."