Дарханы зам гишүүд, сайд нарын дунд дахин маргаан дэгдээлээ

Нийгэм

Дөрөв дэх жилдээ орж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам маргааны сэдэв хэвээр байна. Бараг нэгдсэн чуулган бүр дээр энэ асуудлаас үүдэн гишүүд сайд нар шөргөөцөлдсөөр байгаа юм. Зарим гишүүд ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулсан үнэлгээний хороог Авлигатай тэмцэх газарт шалгуулах саналыг хүртэл гаргаж амжлаа.    

Дарханы замыг барих компаниудыг сонгохдоо санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банкнаас тавьсан шалгуурыг үндэс болгожээ. 33 хуудас шалгуурт тэнцэх Монгол компани олдоогүй учраас бага үнэ хэлсэн Хятад компаниуд шалгарч байсан юм. Харин 2 болон 4-р багц зам дээр ажиллаж байгаа компани тааруухан байгаа нь гишүүдийн маргааны гол сэдэв боллоо. Тэднийг шалгаруулсан Үнэлгээний хороог хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй гэдэг саналыг Улсын их хурлын гишүүн Г.Дамдинням ширүүхэн хэллээ. 

Дарханы зам дээр олон иргэн эд хөрөнгөө эвдсэнээс гадна осол аваарын улмаас хүний амь нас хохирсон тохиолдол ч бий. Дулаан орж замын ажил эд өрнөж байгаа учраас түр зам гаргасан байна. Харин түр замын муугаас болж осол аваар гарвал гүйцэтгэгч компани бүрэн хариуцдаг байхаар тохиролцжээ. 

Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын ажлыг шуурхайлах чиглэлийг засгийн газар өгсөн. Замын бүх хэсэг дээр ажил эд өрнөж байгаа мэдээлэл байна.