Хоёр өрөө орон сууцны түрээсийн үнэ 1.1-1.3 саяд хүрчээ 

Нийгэм

Өнгөрсөн оны сүүл үе гэхэд шинэ орон сууцны үнэ 60-80 хувиар өссөн. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь барилгын материалын хомсдол хил гаалийн сааталтай холбоотой.

Шинэ орон сууцны үнэ өсөхөөс гадна хуучин орон сууцны үнэ 50-иас дээш хувиар өсөөд байгаа. Үүнийг дагаад орон сууцны түрээсийн үнэ ч эрс нэмэгдээд байна.

Монголбанкнаас 2021 оны 12-р сарын байдлаар нийслэлд түрэсийн орон сууцны үнэ ямар байгааг танилцууллаа.

Судалгаагаар Хан-Уул дүүрэгт хоёр өрөө орон сууцны түрээсийн нэг сарын төлбөр хамгийн өндөр буюу 1.1-1.3 сая төгрөгт хүрчээ.

Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу тавилгатай эсэхээсээ хамааран 650-770 мянган төгрөгийн хооронд байгаа юм.

Сүхбаатар дүүрэгт хоёр өрөө тавилгагүй орон сууцны түрээсийн үнэ сая 150 мянган төгрөг байгаа бол Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд 900-920 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин Баянгол дүүрэгт 800-850 мянган төгрөгийн хооронд түрээсийн үнэ тогтжээ.

Тэгвэл тавилгатай хоёр өрөө орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт 1.3 саятай байгаа бол Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 1.1 сая төгрөгт хүрчээ.

Нийслэлд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны үнэ хамгийн багадаа нэг мкв нь 3.0 саяд хүрээд байгаа. Шалтгаан нь Замын-Үүдийн ачаа тээврийн гацаанаас болсон. Ачаа тээрийн үнэ нэмэгдсэн гэж барилгын компаниуд тайлбарлаж байна. 

2020 онд 1 мкв барилгын төсөвт өртөг 1,358,000 төгрөг байсан бол 2021 оны арматурын өсөлтөөс шалтгаалан 1,527,000 төгрөг болж, барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ нэг м.кв  тутамд 169,000 төгрөгөөр өссөн гэж мэргэжлийн  байгууллага тооцоолол гаргасан. Гэвч бодит байдал дээр үнийн хөөсрөл хэт их байгаа нь харагдаж байгаа юм.