Сүсэгтэн олон битүүний хуралд халдвар хамгааллын дэглэм баримтлан даган баясаж болно

Нийгэм

Маргааш уламжлалт Цагаан сар баярын битүүний өдөр тохионо. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хурал ном айлдаж эхэлдэг уламжлалтай. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас сүсэгтэн олон битүүний хурал даган баясах боломжгүй байсан. Тэгвэл энэ жил олон нийтэд нээлттэй байхаар төлөвлөжээ. Шинийн бүх өдрүүдэд ном айлдахаар болсон байна.

Хуучин оны хамгийн сүүлийн өдөр буюу битүүний өдөр Лхамын Цэдор хурдаг. Жил бүр Лхам бурханд даатган залбирч, нүглээ наминчлан, тахил өргөж, хангалыг нь уншиж шөнөжин хурдаг ёстой. Ийнхүү үүр цайхын үеэс шинэ жилийн даатгасан балингаа өргөх зан үйлийг Цэдорлхамын хурал гэж нэрлэдэг. Энэ өдөр өөрийн сахиусаа тахих, голлон Лхам бурханд даатгал хийдэг болохыг лам хуврагууд хэлж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд Гандантэгчэнлин хийдийн хурал ном ердийн хуваарийн дагуу хурах юм байна. Цар тахлын хөл хорио тогтоогоогүй ч сүсэгтэн олон амны хаалтаа зүүж, зайгаа барих зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хуралд даган баясахыг төв Гандангийн лам хуврагууд хэлж байна.