Гараг эрхсийн хөдөлгөөнөөр зарим өдөр тасарч болно  

Нийгэм

Төгсбуянтын болон Шар зурхайн тоолол зарим жил зөрдөг. Энэ нь иргэдийг аль тооллоор нь хаврын эхэн сарыг угтах вэ гэсэн эргэлзээд оруулдаг. Төгсбуянтын зурхайгаар энэ жил шинийн гурван тасарсан бол шинийн 7-н давхардсан байгаа юм. Энэ нь гараг эрхсийн хөдөлгөөнтэй холбоотой гэж зурхайч лам тайлбарлаж байна.

Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн гурван байхгүй. Харин шинийн 7-ны өдөр давхцаж байгаа юм. Үүнийг иргэд зурхайч лам нар худал хуурмаг тоолол гаргасан мэтээр сошиал орчинд бичих болсон. Зурхайн ухаан бол шинжлэх ухааны үндэслэлтэй, гараг эрхсийн хөдөлгөөнийг урьдчилан тооцоолж гаргадаг. Тийм учраас ямар нэгэн алдаа мадаг, хэн нэгний санаанаасаа зохиосон зүйл биш болохыг зурхайч лам тайлбарлалаа. 

Жил бүрийн сар шинийн өмнө зурхайчид хоорондоо маргалдаж, цагаан сарын баярыг хоёр өөр тооллоор гарган тайлбарладаг. Иргэд ч аль зурхайд итгэхээ мэдэхгүй төөрөлдөж, хоёр өөр тооллоор цагаан сараа хийх тохиолдол гардаг. Тэгвэл төгс буянтын зурхай, шар зурхай хоёр зөрдөг учраас зурхайч болон иргэдийн дунд зөрчил, маргаан гардагийг Төв Гандангийн лам нар тайлбарлалаа. 

Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог байна.

Зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрладаг. Энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна.