Засгийн газар, УИХ баталсан хуулиа эргэж харахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ МҮЭХ-ноос зарлалаа 

Нийгэм

Төрийн үйлчилгээний нэгээс гурав хүртэлх зэрэглэлийн ажилтнуудын цалин буух ёстой хугацаанаасаа хэтрээд 40 гаруй хоножээ. Алдаг оног өгөхдөө илүү цаг, нэмэгдэл зэрэг нь хасагдах болсон байна. Цалин нь буурах болсон гол шалтгаан нь Улсын их хурлаас баталсан засаг захиргааны тухай хуультай шууд холбоотойг Монголын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдлээ. Шинэ хуулийн зохицуулалт дундаа хийдэлтэй байгаа учраас эгэл жирийн үйлчилгээний ажилтнууд хохирч байгааг онцоллоо.

УИХ засгийн газраас гаргасан шийдвэр нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой ижил зүйл болсон гэж МҮЭХ-ноос мэдэгдлээ. Учир нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр төрийн үйлчилгээний 1-3-р зэрэглэлийн ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх зорилготой хэмээн төрийн болон орон нутгийн өмчит компани хувийн хэвшилд шилжүүлэх эрхийг аймаг нийслэл сум, дүүргийн засаг дарга нарт олгосон. Нийгмийн баталгааг сайжруулж цалин хөлсийг бууруулахгүй гэж засгийн газар мэдэгдэж байсан ч бодит байдал дээр шат шатны засаг даргын дур дураар гаргах шийдвэрийн золиос иргэд болж байгааг онцоллоо. 

Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний нэг ажилтны цалин тавих гэж гурван газраас гарын үсэг авч татан төвлөрүүлнэ гэж байгаа нь төрийн хүнд суртлыг улам бүр нэмж байгааг онцолж байна. Тиймээс засгийн газар УИХ 2-р сарын 1-ний дотор энэ асуудлыг цэгцэлж ямар нэг арга хэмжээ авахгүй бол үйлдвэрчний эвлэлийн холбоо тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ. Мөн 40 гаруй хоног цалингаа авч чадаагүй ажилтнуудын цалинг бүтэн тооцон олгохыг шаардлаа. 

Төрийн үйлчилгээний албанд хамаарах 50 гаруй мянган иргэн сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд хүндхэн нөхцөл байдалд байгааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ийнхүү мэдэгдлээ. Хэдийгээр сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч гэр бүлийн хүрээнд уламжлал болсон идээ тавгаа бэлдэх ёстой ч цалингаа авч чадаагүй иргэд хоногийн хоолоо арай ядан залгуулж байна гэдгийг хэлж байна.

Засгийн газар төрийн алба дотроосоо цэцэршиж хүнд суртлыг хална гэж мэдэгдсэн. Тэгвэл ядарсан ажилчдын цалинг дундаас нь хумсалж байгаа албан тушаалтнуудад нэг бүрчлэн хариуцлага тооцохыг шаардлаа.