Харуулын даргаа хөнөөсөн байлдагч нарын хэргийг маргааш шүүнэ

Нийгэм

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж,  цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан.

Энэ хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан маргааш буюу есдүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүгдэгчид зургаан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох аж. Мөн хохирогч 2, гэрч 2, шинжээч 1, улсын яллагч 1, шүүгч 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг явуулах юм.