Ургац хураалтад иргэд, оюутан залуусыг өдрийн 30,000-40,000 төгрөгийн цалинтай ажиллуулах хүсэлтээ гаргажээ

Нийгэм

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, ургац хураалтад  оюутан, залуучууд, ажил хайгч болон хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон.  Энэ дагуу нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ажил олгогчийн судалгааг гаргажээ.

Судалгаанд Төв, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгууд хамрагдаж, зарим аймаг нь нийслэлээс ажиллах хүч авах боломжтойгоо мэдэгджээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн 37 ажил олгогч байгууллага хүнсний ногоо хураах ажилд 1,148 оюутан, суралцагчдыг авч ажиллуулах бөгөөд өдрийн цалин 35,000-40,000 төгрөг байна. Булган аймаг мөн ийм цалинтай байхаас гадна хоол, унааны зардлыг аж ахуйн нэгж, байгууллага шийдвэрлэхээр тусгажээ.

Харин Сэлэнгэ аймаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн биржид ажлын байрны захиалга өгсөн бөгөөд нэг өдрийн 30,000-40,000 төгрөгийн цалинтай ажиллуулах аж. Түүнчлэн Орхон аймаг цэргийн алба хаагчдаас өдрийн 40,000 төгрөгийн цалинтай 600 хүн авах хүсэлтээ гаргасан байна.

Төв, Дархан-Уул аймгийн 105 ажил олгогчоос орон нутаг болон Улаанбаатар хотоос ургац хураалтад ажиллуулах 2,442 иргэний судалгааг ирүүлжээ. Дээрх хоёр аймгийн зүгээс ажиллах нөхцөл, ажлын хөлс, хоол хүнс, унааны зардал зэргийг хариуцаж гэрээнд тусгасан. Түүнчлэн коронавирусийн шинжилгээг нэгдсэн журмаар хийх шаардлагатай гэжээ.

Ургац хураалтад цагийн ажилтан хамруулах талаар Их, дээд сургуулийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулан мэдээлэл хүргэж байгаа. Оюутан, залуус, ажил хайгч иргэдийг ургац хураалтад ажиллах хүсэлтэй бол өөрийн сурч буй сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандаарай.