ХУД-ийн 12-р хороонд байрлах хиймэл нуурт живсэн ээж, хүү хоёрын цогцсыг олжээ

Нийгэм

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай  “Таван толгойн” гүүрний баруун талын хиймэл нуурт хоёр хүн осолдсон хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат 36 настай эмэгтэй С, 15 настай эрэгтэй С нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм. Хоёр иргэн живсэн гэх дуудлага ОБЕГ-т орой ирсэн тул хиймэл нуурын мандал дээгүүр эрэн хайх ажиллагааг тухайн өдөр гэгээ тасрах хүртэл зохион байгуулсан.

Эрлийн ажиллагаа хоёр өдрийн турш үргэлжилж усанд осолдсон хоёр иргэний цогцсыг өнөөдөр өглөө гарган авсан байна. Улмаар тус дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.