Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар байгуулахын төлөө хичээн зүтгэнэ

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт ард иргэд ээ,  монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж шударга ёс, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй. Энэхүү шударга ёс үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Шударга ёс тогтсон нийгэмд хүмүүс эрх, чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг ард түмэн хүсч шахаж шаардаж байгаа. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал зүйл бол хараат бус шударга шүүх прокурорын байгууллага.  Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага хууль дээдэлдэг, хараат бус хууль шүүхийн тогтолцоо болгох нэн чухал шаардлагатай байна. Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг засагладаг ядарсныг хайрладаг төртэй байх ёстой.  Зөвийг эрхэмлэж, эвийг сахисан Төрийн тэргүүн байна. Монгол хүн эх орон газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийн үр шимийг адил тэгш хүртэх явдал бол шударга ёсны бас нэгэн зарчим. Монголчууд бидэнд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн баялаг бол байгалийн баялаг, газрын өгөөж, малын буян, ард түмний маань оюун санааны охь ундарга юм. Байгалийн баялгийг ашиглах, төрийн бодлогыг урт хугацааны бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэн, Монгол сайхан эх орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгохын зэрэгцээ, Монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай. Баялагтаа эзэн Монголын төлөө ард түмний минь хүсэл тэмүүлэл төрийн тэргүүн миний байр суурь цаашид улам биеллээ олж үр өгөөжийг нь манай түмэн хүртэнэ гэдэгт би итгэл төгс байна. Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг баялаг. Харин манай оюун санааны баялаг бол ундардаг баялаг гэдгийг ямагт санаж байх ёстой" гэлээ.