Хүний эмзэг мэдээллийг цахим сүлжээнд санаатай тараасан этгээдэд 1-5 жил хорих ял оноохоор төлөвлөж байна

Эрх зүй

Сонгууль өгөх, улсын бүртгэлийн үйлчилгээ авахаас бусад үед хүний гарын хурууны хээ авахыг хориглоно.

УИХ-аар хэлэлцэж байгаа хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд хэд хэдэн чухал заалт орж байна. Тухайлбал, хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, эд хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага бэлгийн харилцааны талаарх мэдээллүүдийг хүний эмзэг мэдээлэл гэж тодорхойллоо.

Энэ төрлийн мэдээллийг дур мэдэн олон нийтэд дэлгэх, хүнийг санаатайгаар харлуулах, нууцад нь халдах зэрэг үйлдлүүдийг Эрүүгийн хуулиар шийтгэхээр тусгаж байгаа юм.

Тодруулбал санаатайгаар хүний хувийн мэдээллийг задруулсан этгээдийг 5- 27 сая төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жил хорих хүртэл шийтгэхээр төлөвлөж байна. 

Хуульд орж байгаа бас нэгэн заалт нь хүний биеийн давхардахгүй өгөгдөл буюу хурууны хээг зөвхөн сонгууль өгөх болон улсын бүртгэлийн үйлчилгээ авахад ашиглахаар тусгалаа.

Харин бусад тохиолдолд албан байгууллага хурууны хээгээр ирц бүртгэх, супермаркет, дэлгүүрүүд хөнгөлөлтийн карт олгохдоо хурууны хээ цуглуулах зэрэг асуудлуудыг хориглож байна. 

Сүүлийн үед гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан хүний хувийн мэдээллийг ашиг хонжоо хайх үүднээс олон нийтэд санаатайгаар тараах тохиолдол газар авсан.

Тэгвэл дээрх асуудлыг хүний хувийн мэдээллийн хуулиар давхар хамгаалж өглөө. Хэрэв санаатай хүнийг харлуулах үйлдэл хийсэн бол мөн Эрүүгийн хуулиар шийтгэхээр тусгаж байгаа юм.