Их хэмжээний хар тамхи шуудангаар оруулсан хэргийн захиалагчийг  саатуулаад байна

Эрх зүй

Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр Хонконг Улсад 10 жил хоригдсон иргэн “Э” улсын хилээр хар тамхи оруулсан нь тогтоогдлоо.

Манай улсад их хэмжээний хар тамхи  шуудан илгээмжээр дамжин орж ирсэн.

Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар хар тамхитай холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэ нь өмнөх оноос бага зэрэг буурсан үзүүлэлт хэдий ч хилээр нэвтэрсэн хар тамхины хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна.

Өнгөрсөн 11-ний өдөр Африк Улсаас 986.2 гр мансууруулах бодис буюу бидний хэлж заншсанаар “мөс”-ийг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарыг холбогдуулан шалгасан байна. Улмаар иргэн Э-г цагдаагийн байгууллага таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Иргэн Э нь өмнө нь Хонгконг Улсад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 10 жил хоригдоод 2020 онд суллагдаж эх орондоо ирсэн байжээ. Гэвч тэрээр дахин хэрэг үйлдэж Африк Улсаас их хэмжээний хар тамхи шуудангаар зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон болохыг тогтоогоод байна.