Омикрон хувилбарын тархалт буурч, томуугийн халдвар идэвхтэй хэвээр байна 

Ковид-19 /дотоод/

Ковид-19 халдварын Омикрон хувилбарын давалгаа бүрэн намжсан гэж Эрүүл мэндийн яам үзэж байна. Тиймээс улсын хэмжээнд халдварын бэлэн байдлын зэрэглэлийг бууруулсан. Гэхдээ Омикрон хувилбарын давалгаа намжсан хэдий ч томуу томуу төст өвчний халдвар идэвхтэй үедээ явж байгааг мэргэжлийн хүн онцоллоо. Хичээлийн шинэ улирал танхимаар эхэлсэнтэй холбоотой эцэг эхчүүд хүүхдээ дулаан хувцаслах дархлаа дэмжих бүтээгдэхүүн сайн хэрэглүүлэхийг зөвлөж байна.

Омикрон хувилбар он гарсаар 6 дахь долоо хоногт намжмал түвшинд шилжээд байна. Дэлхийн нийтэд ч энэ хувилбарын шинээр батлагдах тохиолдлын тоо буурч байгаа юм. Халдварын тархалт буурч байгаа төлөв, эрдэмтэн судлаачдын гаргасан судалгаа шинжилгээнд үндэслэн манай улс бэлэн байдлын зэргээ бууруулаад байна. Цаашид Омикрон хувилбарын тархалт нутагшмал байдалтай үргэлжлэхийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. 

Эрдэмтдийн гаргасан тооцооллоор 1-р сарын сүүлээс 2-р сарын дунд хүртэлх хугацаанд коронавирусийн болон томуугийн эд оргил гэж үзсэн. Ковидын тархалт буурч оргил үеэ өнгөрөөсөн ч томуу, томуу төст өвчний халдвар идэвхжлийн үед байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Ялангуяа танхимын хичээл эхэлсэн энэ үед бага насны хүүхдүүдийг халдвараас сэргийлэх, цаг агаарт тохируулан хувцаслах, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэхийг эмч зөвлөж байна. Томуугийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнхийг 2-15 хүртэлх насныхан эзэлж байна. Гэхдээ орны хүрэлцээ, хүчин чадал хэвийн түвшинд байгааг дуулгалаа. 

Халдварын тохиолдол буурсан гэж халдвар хамгааллын дэглэмийг орхигдуулж болохгүйг мэргэжлийнхэн сануулж байна. Омикрон хувилбарт өнгөрсөн нэгдүгээр сард өртсөн ч хоёрдугаар сард дахин халдварлаж байгааг учраас амны хаалт зүүх, зай барих, гараа халдваргүйжүүлэх зайлшгүй шаардлагатай. Амны хаалт зүүснээрээ дан ганц коронавирусээс бус бусад төрлийн амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой.