Одоогоор дархлаа сэргээх дөрөв дэх тунд 20 мянган хүн хамрагдаад байна 

Ковид-19 /дотоод/

Манай улс цар тахлын эсрэг вакцинжуулалтаар олон улсад өндөр үзүүлэлттэй байгаа. Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 66 хувь нь хоёр тунд хамрагдаад байгаа ч мутацилагдсан хувилбараас хоёр тун бүрэн хамгаалж чадахгүйг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэх болсон. Тиймээс манай улс иргэддээ 3, 4 дэх тунгийн вакцинжуулалтыг хийж эхлээд байгаа юм. Эмнэлэгт биеийн байдал хүндэрч байгаа хүмүүсийн дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй байгааг эмч нар анхааруулж байна.

Дэлхийн 140 гаруй улсад тархаад байгаа Омикрон хувилбараар олон сая хүн өвчилж байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад халдварын тохиолдол 53 хувиар өсөөд байгааг ДЭМБ-аас мэдээллээ.

Шинээр бүртгэгдэх халдварын дийлэнхийг Омикрон хувилбар эзэлж байгаа энэ үед дөрөв дэх тунгийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Гурван тунд вакцинд хамрагдсан гурваас дээш сар болсон бол халдвар авах эрсдэл өндөр байгааг судлаачид хэлж байгаа юм. Тиймээс дөрөв дэх тунд идэвхтэй хамрагдахыг ХӨСҮТ-өөс онцоллоо. 

Манай улс нийт иргэдийнхээ 66 хувь буюу 2.1 сая хүнийг вакцины хоёр тунд хамруулсан бол гурав дахь тунд 955,120 хүн хамрагдсан нь нийт иргэдийн 22 хувийг эзэлж байна.

Дөрөвдүгээр тунд ихэвчлэн өндөр настнууд хамрагдаж байгаа юм. Учир нь гуравдугаар тунд зорилтот бүлгийн буюу 60-аас дээш насныхныг эхлэн хамруулсан.

Дараагийн тун хийлгэх хугацаа болсон учраас энэ насныхны идэвх өндөр байна. Нийслэлийн хэмжээнд 160 орчим вакцины цэг ажиллаж байгаагаас гадна өрхийн эрүүл мэндийн төвүүд коронавирусийн вакцин хийж байгаа юм.