Монгол Улсад Омикроны хувилбар бүртгэгдээгүй 

Ковид-19 /дотоод/

Өнөөдөр манай улсад коронавируст халдварын Омикрон хувилбар бүртгэгдсэн гэх мэдээлэл цацагдлаа. Эрүүл мэндийн яамны зүгээс энэ мэдээллийг няцааж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хүн ам дунд болон зөөвөрлөгдсөн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцоллоо. Харин орж ирэх магадлал өндөр хэвээр учраас эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангуулж эхэлсэн байна. Мөн гадаадаас ирсэн иргэдтэй харьцахдаа хамгаалалтын өндөр дэглэм мөрдүүлэхээр шийдвэрлэжээ.

11 дүгээр сарын 26-нд ӨАБНУ-д Омикроны халдвар бүртгэгдэж эрчимтэй тархаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 100-аад улс оронд энэ халдвар батлагдаж, нас баралт бүртгэгдээд байгаа юм. Ялангуяа Европын улс орнуудад эрчимтэй тархаж, улс орнууд зул сарын болон шинэ жилийн олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглож, хөл хорио тогтоож эхлээд байна.

Манай улсын хувьд агаарын хилээ нээсэн. Одоогоор нислэгээр ирж байгаа иргэн бүрт түргэвчилсэн ПСР шинжилгээг хийж байгаа. Ингэхдээ мөн л лавлагаа шатны буюу ПСР шинжилгээгээр эерэг гарсан иргэдэд генийн дараалал тогтоох шинжилгээг хийж байна.

Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн иргэдэд Омикрон хувилбар батлагдаагүй гэдгийг хэлж байна. 

Он дуустал 35 нислэгээр 5000 орчим хүн ирэх тооцооллыг гаргаад байна.

Цаашид ч гадаадаас ирж буй иргэдэд тавих хяналт сулрахгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Гадаадаас ирж байгаа иргэдийн хувьд шинж тэмдэг илэрсэн болон батлагдсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын хяналтад шилжиж байгаа бол бусад иргэдийн хувьд гэрийн тусгаарлалтад 10 хоног байж, 4-5 хоногтоо ПСР шинжилгээ өгч байгаа юм.