Коронавирустэй ижил шинж тэмдэгтэй ханиад бүртгэгдэх болжээ

Эрүүл мэнд

Ачаалал ихтэй өрхийн эрүүл мэндийн төвд өдөрт хандаж байгаа иргэдийн 70-80 хувийг ковид-19 халдвартай эсвэл ханиадтай хүмүүс эзэлж байна. Сүүлийн үед хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой ковид-19 халдвартай ижил шинж тэмдэг бүхий ханиад дэлгэрчээ.

Тодруулбал, хамар битүүрэх, хоолой өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэгтэй иргэд ковид-19 халдвар авчихлаа, шинжилгээ өгье хэмээн өрхийн эрүүл мэндийн төвд хандах нь их болжээ. Ковид-19 халдвартай ижил шинж тэмдэг бүхий ханиадыг зөвхөн түргэвчилсэн тестээр ялгаж байна.

Шинжилгээ өгөхөөр ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн хэдий ч шинжилгээ авах тест хүрэлцээгүй хэвээр байгааг эмч хэллээ. Өдөрт дүүргээс өгдөг 25 тест нь өглөөдөө л дуусдаг гэдгийг онцолж байна. Тиймээс иргэдэд илрэх шинж тэмдгээр нь ковид-19 халдварыг ханиаднаас ялган ажиллаж байгааг хэллээ. 

Иргэдийн тухайд гэр бүлд нь болоод ойр орчинд нь халдварт өртсөн хүн байхгүй ч ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө сайтар ажиглах хэрэгтэйг зөвлөж байна. Өндөр халуураагүй тохиолдолд ханиад байх магадлалтай тул тэр бүр эрүүл мэндийн байгууллагад шинжилгээ өгөх гэж яарах хэрэггүйг хэллээ. Харин эмчдээ үзүүлж өөрт илэрсэн шинж тэмдэгт тохирох эмчилгээг авах нь чухал гэдгийг хэлсэн юм.