Япон улсын засгийн газар хүн амаа цар тахлын эсрэг вакцинаар вакцинжуулах үндэсний хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Энэ дагуу ирэх 2-р сарын сүүлч гэхэд эрсдэлтэй бүлэг буюу эмнэлгийн ажилтнуудаа вакцинд эхний ээлжинд хамруулж, улмаар өндөр настай иргэдээ мөн вакцинжуулахаар төлөвлөөд байна.

Японы засгийн газар хүн амыг вакцинжуулахдаа тухайн орон нутгийн эрх баригчидтай хамтран ажиллах болно гэдгээ мэдэгджээ. Учир нь зарим газарт цар тахлын дэгдэлт өндөр байгаа бол заримд нь бага, заримд нь байхгүй байгаа юм. Өнөөдрийн байдлаар Японы нийслэл болон нийслэл орчмын 10 мужид цар тахалтай холбоотой онцгой нөхцөл байдал тогтоож, хөл хорионы журам мөрдөгдөж байна. Японы эрх баригчид ард иргэдээ онцын шаардлагагүй бол хот хооронд зорчихгүй байхад уриалж байгаа юм.