АНУ-ын нийслэл Вашингтон хотноо, Капитолийн гүвээн дээр АНУ-ын дараагийн төрийн тэргүүн Жозеф Байдены тангараг өргөх ёслолын бэлтгэл ажил хангагдаад байна. Энэ жил цар тахал болоод Капитолийн гүвээн дээр энэ сарын эхээр дэгдсэн үймээн самууны улмаас Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг цомхон байхаар зохион байгуулж байгаа юм. 

Америкийн нийслэл Вашингтон хот, мөн Колумби тойрогт аюулгүй байдлыг дээд зэргээр хангаад байна. Юта мужид байрлах Үндэсний Гвардийн 25 мянган алба хаагч АНУ-ын шинэ төрийн тэргүүний тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр олон нийтийн эмх журам, аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллана.

Үндэсний Гвардийн алба хаагчид заагдсан байрлалд 30 хоногийн туршид байрлан, үүрэг гүйцэтгэх юм. Америкийн батлан хамгаалах яам Капитолийн ордны дэргэд болсон иргэдийн үймээн самууны улмаас улсынхаа нийслэл хотод аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалах, чангатгах үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа юм.