Хонконгийн Ocean Park цар тахлын хүнд цаг үед үйл ажиллагаагаа сэргээхийн тулд засгийн газраасаа дэмжлэг авч, шинэ бизнес-модель нэвтрүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлэх хэдэн тэрбумын орлого олох төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Үүний тулд Ocean Park өөрийн объектуудаа аутсорсинг маягаар түрээсийн журмаар ашиглуулж, үйл ажиллагааны зардлаа хэмнэн, паркийн дийлэнх газар нутгийг үйлчлүүлэгчдэд чөлөөтэй байлгах сонголт хийжээ.

Ингэснээр Хонконгийн амралт, зугаалгын хамгийн томоохон цогцолбор болох Ocean Park хүмүүст илүү хүртээмжтэй, илүү нээлттэй болж, энэ хирээр зардлаа хэмнэх бодлого баримталж байна. Эхний ээлжинд Ocean Park 500 долларын үнэтэй нэвтрэх тасалбараа зарахгүй байхаар шийдэж, зам талбай, объектаа нийтийн эзэмшилд түр хугацаагаар шилжүүлж, паркийн объектуудыг ресторан, зоогийн газар, худалдаа эрхлэгчдэд түрээслүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ паркийн удирдлага ногоон байгууламж, эргэн тойрны газруудын аюулгүй байдал зэргийг хангаж, зөвхөн далайн том усан сан болоод сэдэвчилсэн паркаа ажиллуулан үйл ажиллагааны зардлаа хэмнэх хүсэлтэй байна.