Японд COVID-19 коронавирусын шинэ штамм буюу мутацид орсон вирусын хувилбар илэрчээ. Японы Үндэсний халдварт өвчин судлалын төвийн мэдээгээр энэ улсад коронавирусний шинэ хувилбарын 4 тохиолдол бүртгэгдээд байна.

COVID-19 коронавирусний шинэ хувилбар оны өмнө Их Британи болон Өмнөд Африкийн БНУ-д илэрсэн юм. Улмаар вирусын шинэ хувилбар Европын улс орнууд, түүнчлэн Австрали тивд илэрсэн бол одоо Азийн улс орнуудад илэрч байна. Японд коронавирусний шинэ штамм энэ сарын 6-нд Бразил улсаас ирсэн 4 хүнээс илэрчээ. Коронавирусний шинэ хувилбар нь илүү богино хугацаанд дэгдэж, өвчин нь хүндрэх аюултай, мөн залуу хүмүүст хурдан халдварлаж байгаа юм.

Вирусний шинэ хувилбарын халдвар авсан 4 хүний нэг нь болох 40 настай эрэгтэйд амьсгалын замын хүндрэл ажиглагдаж байгаа бол нэг эмэгтэйн хоолой болон толгой өвдөж, штамм илэрсэн хүүхэд өндөр халуурч байгаа гэнэ. Харин 4 дэх хүнд одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.