Tesla машиныг чанар муутай гэж эсэргүүцжээ

Энтертэйнмент

Хятадын Шанхай хотноо болж байгаа олон улсын авто яармагийн үеэр нэгэн санаандгүй явдал болжээ. Нэгэн эмэгтэй Тесла машины үзүүлэнгийн хэсгийн дэргэд очиж, машин дээр нь гарч зогсон, Тесла бол чанаргүй муу машин гэж хашгичин олны анхаарлыг татсан байна.

Шанхайн олон улсын авто яармагийн үеэр Америкийн Тесла машины үйлдвэрийн үзүүлэнгийн хэсэгт нэгэн эмэгтэй машин дээр гарч зогсон, чангаар хашгирч эхэлжээ. Тэрээр Тесла машин чанаргүй, түүний авсан машины тоормосны систем нь доголдож тэрээр хохирсон талаараа хашгиран хэлж, олны анхаарал татжээ.

Сүүлд тодорхой болсноор энэ эмэгтэй нь 32 настай Жан овогт гэнэ. Тэрээр авто яармагийн хамгаалалтын ажилтнуудын тавьсан шаардлагыг хүлээж авахаас татгалзан, Тесла машины үзүүлэнгийн тавцан дээр байсан машины өнгө үзэмжид гэмтэл, хохирол учруулсанд бурууджээ.

Эмэгтэй эсэргүүцлээ илэрхийлэхдээ “Теслагийн тоормосны систем маш муу. Би энэ машиныг худалдан авч хохирсон хүн байна” гэхчлэн хашгирч, ийм бичигтэй богино цамц мөн өмссөн байжээ. Шанхайн авто яармагийн үеэр олныг үймүүлсэн эмэгтэйг 5 хоногийн хугацаагаар саатуулах шийтгэл оноожээ.